Хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй бүхнийг агуу гэчихвэл буруудахгүй болов уу. Энэ утгаараа аав, ээж бол үнэнхүү агуу ачтан билээ.
Өнөөдөр манай хойморт заларч буй энэ хоёр хүн ч амьдралаа хүүхдийн төлөө зориулж яваа учраас агуугийн нэг хэсэг.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбаттай манай уншигч-сурвалжлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог хүүхдийн ертөнц болон бусад сэдвээр хөөрөлдсөнийг болгооно уу.
Үе үеийн олон зохиолч, багш, хүүхэд багачуудын ой ухаан, онгод, дурсамжийг хөглөгч “Найрамдал” хэмээх сайхан өргөөнд тэд ярилцсан юм. Жаахан дэгсдүүлбэл хоногийн 24 цагийн хором бүртэй уралдан ажилладаг зочин маань биднийг тус төвийн “Хараацай” театрын үүдэнд угтлаа.
-Сайхан зусаж байна уу. Зуслангийн нээлт гээд өдийд ажил ид оволздог үе байх аа?
-Зургадугаар сарын 2-нд зуны ээлж маань эхлэх гээд засвар үйлчилгээгээ амжиж дуусгах, бэлтгэлээ хангах гээд ажил ихтэй байна. Манайхан дарга, цэрэг гэлтгүй бүгд л будаг шохойны ажилтай “ноцолдоод” завгүй л байцгаана даа. Та юу эс андах билээ.
-Би өнөөдөр “Өнөөдөр” сониныхоо даалгавраар ирлээ. Энэ сонины суурь болсон “Ардын эрх”-д сурвалжлагч, дараа нь Ц.Балдорж эрхлэгчийн удирдлага дор “Би би би”, “Ням гариг” сонинд ажиллаж байсан хүн шүү дээ, би. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулсан тантай таарч ярилцах болсондоо таатай байна. Ойрд зурагтаар хүүхэд хамгааллын тухай их ярьж байна. Ингээд ирэхээрээ л хүүхдийн баяр ойртсоны шинж л дээ. Сүүлийн үед “хүүхэд хамгаалал” гэж их ярих юм. Хүүхдийг чухам юунаас хамгаалах гээд байна вэ, мангасаас уу?
-Манай улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдээд, 1996 онд Хүүхдийн эрхийн хуулиа баталсан шүү дээ. Үүнийг саяхан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын хууль гэж тус тусад нь батлаад, ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх болсон. Нийгмийн амьдрал өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлийн далд хүчирхийлэл, хүүхдийн язгуур эрх ашиг хөндөгдөх гэх мэт янз бүрийн сөрөг асуудал гарч байна л даа. Энэ бүхнийг тусгасан сайн хууль болсон. Нийгмийн амьдралын том золиос хүүхэд болж байгаа жишээ олон. Хүүхдүүд нэгнийгээ дарамтлах, гэр бүл салснаас хүүхэд хохирох, томчуудад ашиглуулах, хүүхэд үрчлэлийн асуудал гэхчилэн зохицуулах асуудал өнөөдөр нийгэмд байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, хүүхдийн байгууллагууд одоо энэ хуулиа сурталчилж, өмнөхөөсөө юугаараа өөр, давуу болсон, яг юунаас хүүхдээ хамгаалах гээд байгааг ухуулан таниулахад анхаарах учиртай.
-Миний бодлоор гэр бүл бол хүүхдийн хүмүүжлийн гол цөм. Эцэг, эх хариуцлагатай байж чадвал хүүхэд хамгааллын тухай ярих шаардлага ч үгүй мэт санагддаг. Харин хүүхдийн оюун санааг хамгаалах тал дээр анхаармаар. Бид үүнийг анзаарахгүй, орхиод байх шиг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг бол?
-Би тантай санал нэг байна. Твиттерт нэг залуу “Аав, ээж нь монгол хэрнээ хүүхэд нь харийн хүн болж байгааг Монгол Улс яаж шийдэх ёстой вэ” гэсэн асуудал дэвшүүлжээ. Бид яг ийм байдалтай тулж буй. Манайд амрахаар ирдэг хүүхдүүдийн дунд багагүй ажиглагддаг зүйл бол энэ. Гадаадад ажиллаж, амьдардаг монгол хүмүүс “Манай хүүхэд монгол хэл мэдэхгүй шүү. Монгол хүн болгоод өгөөрэй” гэж захих жишээтэй.
Ер нь манай хүүхдүүдийн сэтгэлгээ их өөрчлөгдөж байна. Нийгмийн янз бүрийн нөлөөллөөс шалтгаалж, хүүхдийн гэсэн том ертөнц дархлаагүй болж байна уу даа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийн урсгал хяналтгүй байгаа нь нөлөөлдөг гэж би үздэг. Ингээд ярихаар найз нар маань намайг хуучинсаг, пионер үеийн үзэлтэй гэдэг юм. Гэхдээ яалт ч үгүй бид тэр үед гэр бүл, эх орон, найз нөхөр гэхчилэн бахархлыг мэдэрч өссөн. Үүнийг одоо үзэл суртлын зэвсэг гэж буруутгах нь бий. Миний бодлоор тийм биш. Үндэснийхээ, өөрийнхөө юмаар бахархах ёстой. Жишээ нь, бид Нацагдоржийн шүлгүүдийг цээжээр мэддэг, бахархдаг байлаа. Гэтэл өнөөдөр хүүхэд, залуучууд маань монгол зохиолчдынхоо бүтээлийг бараг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Манай хүүхдүүдийн оюун санаа өлсгөлөн байна. Ганц мэддэг зүйл нь цахим ертөнц. Хүнтэй зөв мэндчилж чадахаа больж. “Амар байна уу, сайн байна уу” гэхийн оронд “Хай, юу байна” гэх жишээтэй. Үүнд манай боловсролын систем, хүүхэдтэй ажилладаг бидний буруу байхыг үгүйсгэхгүй. Японд ажлаар явж байхдаа ажигласан нэг зүйл гэвэл, хүүхдүүд нь маш энгийн зүйлийн хариултыг ч цахим ертөнцөөс хайх юм билээ. Хэт өндөр хөгжил, техник технологийг шүтэх нь нэг талаар магадгүй хүний оюун ухааны үндсэн өсөлт, хөгжлийг алдагдуулдаг юм болов уу. Монгол хүүхдүүд яваандаа тийм болохгүй гэх баталгаа алга. Аав, ээж нар хүүхдээ дэлхийн хүн болгоно гээд “Англи хэл сургана. Америк явуулна” гэж байгаа нь нэг талдаа зөв ч, бас сөрөг үр дагавартай. Өөрийн цус, эд, эсийг юүлж, өөрчилж, өөр ертөнцөөр амьдруулахгүйгээс хойш генд нь байгаа зүйлийг эхлээд хөгжүүлэх нь зөв гэж боддог. Уг нь монгол хэл, утга зохиол маань агуу, монгол ахуй, сэтгэлгээ, ёс заншил маш онцгой, өвөрмөц, монголчууд гэр бүлээ гэсэн хүнлэг, хүмүүнлэг түмэн шүү дээ. Үүнийг хойч үеийнхэндээ мэдрүүлж, өвлүүлэхийн төлөө бид санаа чилээн ажилладаг. Ингэхийн тулд урлагаар дамжуулан хүүхдийг зөв хүн болгоход анхаарч байна. Ер нь хойч үеэ, үр хүүхдээ оюуны өлсгөлөнгөөс аврах нь дан ганц сурган хүмүүжүүлэх байгууллагын асуудал биш. Эргээд эцсийн цэг нь ээж, аав дээр л ирнэ. Өөр нэг талаас нь харахад, уламжлалт хүмүүжлийн сэтгэл зүй алдагдсан нь оюуны дархлаанд нөлөөлж байгаа юм болов уу. Одоо яригдаж буй Гэр бүлийн хуульд энэ талаар нэлээд тусгаж байгаа юм билээ. Нээрэн, Та монгол хүүхдүүдийн оюуны хөгжил, хүмүүжилд нөлөөлөх том ажил эхлүүлсэн гэл үү?
-Миний бодлоор Монголын хүүхдийн оюун санааны үндсийг бий болгох хэрэгтэй. Бид нэлээд хугацаанд монгол хүүхдийг гадаадын орчуулгын ном, зохиолоор чиглүүлж, хөгжүүлэх гэж явсан. Үүнийг залруулж, монгол хүүхдийг монгол оюун, сэтгэлгээтэй болгоход анхаарах цаг болсон. Энэ үүднээс их хааны сургаал болсон “Чингисийн билэг” номд сэдэвлэн үлгэр зохиох уралдаан санаачилсан юм. Шад, мөр бүрийг нь тайлбарлан, ойлгуулах үлгэр юм л даа. Сургаал үгээрээ хүүхдэд тэр бүр хүрч, ухаж ойлгогдохгүй талтай. Харин үлгэр хэлбэрээр бол ойлгоход илүү дөхөм. Саналыг минь Ерөнхийлөгч дэмжсэн. Түүний ивээл дор хэрэгжүүлэх болсон. Ингэхдээ ганц би үлгэр зохиохгүй. Энэ ажлыг түмэн олны хүчээр хийнэ. Ирүүлсэн үлгэрүүдээс шилж, шигшээд ном болгох юм. Тэгээд тэр номыг айл бүр залаад, орой бүр үр хүүхдэдээ уншиж өгвөл монгол оюун санааны үндсийг тавина гэж найдаж байна. Өвөг дээдсийнхээ оюуныг буулгаж ирнэ гэсэн үг. Энэ ажил цааш үргэлжилнэ. “Эр хоёр загалын тууж”, “Цаасан шувууны үлгэр” гэх мэтчилэн эртний утга зохиолоос эшлэн үлгэр зохиогоод явна. Бид одоо ч орос найруулгатай бичиж, яриад байна. Тиймээс монгол оюуныг эргүүлэн бүрдүүлэх зорилго юм. Миний энэ санаа ямар санагдаж байна вэ?
-Маш мундаг, гоё санаа байна. Хүүхэлдэйн театрын дарга Ц.Хулан маань “Үлгэрч өвөө, эмээ” уралдаан санаачлан, зохион байгуулсан нь үнэхээр зөв зүйтэй ажил болсон. Тийм сайхан зүйлээ олон нийтэд үзүүлэх гэж тасалбараа өөрсдөө борлуулаад гүйж явааг нь хараад бахархахын хажуугаар жаахан эмзэглэсэн. Юунд харамсаж, эмзэглэв гэхээр, тэр зүйлийг үзэхээр тэмүүлж, мэдэх гэж дурлах хүүхдүүдийн цуваа хангалттай байсангүй гэж бодсон. Гэхдээ энэ бол эхлэл. Яваандаа дурлаж, өөрсдөө хүсэж ирдэг болно. Нэг хэсэг УДЭТ үзэгчгүй шахуу байлаа. Сүүлийн хэдэн жил танхим байнга дүүрэн үзэгчтэй болсон шүү дээ. Саяхан Одбаяр дарга “Гэгээн Муза” академитай хамтраад хүүхдийн жүжгийн зохиолуудыг DVD хэлбэрээр гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэх талаар ярилаа. Энэ мэтээр хамгийн гол нь санаж сэдээд, хийгээд явахад болно доо. Сүүлийн үед хүүхдүүдийн авьяасыг нээж, урлагт дурлуулж байгаа “Авьяас” хөтөлбөр бас их сайхан ажил шүү. Үүний хүрээнд олон дунд сургууль ардын хөгжим, бүжгийн хамтлаг, дугуйлантай болсон. Бас нэг сайхан мэдээ бий. “Орчлон” сургууль хөдөлмөр амралтын зуслантай болж байгаа гэсэн. Жинхэнэ хүн болох, найзаа олох, амьдралын арга туршлагад суралцахад хөдөлмөр зуслан маш том сургууль болдгийг ахмад болон миний үеийнхэн сайн мэднэ. Монгол ахуй хүүхдийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх арга ухаанд сургасаар ирсэн шүү дээ. Гэтэл энэ сайхан уламжлал мөн л мартагдаж эхэлсэн.
-Хүүхдээр ажил хийлгэвэл эрхийг нь зөрчлөө гэх нь халгүй болж. Та бүхэн олон янзын ааш араншинтай хүүхэд, эцэг, эхчүүдтэй харилцдаг. Хэл ам тасрахгүй биз?
-Манайх зуны сүүлчийн ээлжийнхээ нэг өдөр хүүхдүүдээр ойр хавийн хог түүлгэдэг л дээ. Америк, Япон зэрэг оронд ч тийм жишиг бий. Тарьсан хогоо авч, идэж уусан аяга, тавгаа угааж, тэр ч бүү хэл жорлонгоо ээлжлэн цэвэрлэдэг юм билээ. Хэрэв манай зусланд тэгвэл сүйд болно. Хэдэн жилийн өмнө нэг аав “Хог түүлгэх гэж хүүхдээ зусланд явуулаагүй” гэж намайг зодох шахсан. Хог цэвэрлэж байгаа мэт боловч үнэндээ бол байгалиа хайрлах, өөрийгөө болон бусдад, хүрээлэн буй орчиндоо хүндлэлтэй байх хандлагад нь эерэг нөлөөтэйг ойлгоогүй хэрэг. Үүнээс эсрэгээрээ, ажилд сургалаа гээд талархах эцэг, эх ч байдаг. Би нэг зүйл онцолмоор байна. “Найрамдал” зуслан байгуулагдаад удаагүй байх цаг үед ажиллаж байсан ахмадуудын дурсамж ярианаас үүдээд бодоход бид тэр үеэс хүнд хэцүү цагт ажиллаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед энэ зусланд Монголын хүүхдүүдийн нүүр царай болсон мундаг сурлага, хүмүүжилтэй, шигшигдсэн сурагчид амардаг, мөн л сор болсон залуучуудыг багш, бүлгийн удирдагчаар томилдог байсан. Тухайн үед жилдээ 20 гаруй ээлжээр 400, 500 хүүхэд хүлээн авдаг байсан бол бид өдгөө 10 дахин илүү ачаалалтай байна. Бид зуслангийнхаа боловсон хүчин, багш, удирдагчдыг хүүхэдтэй ажиллах чин хүсэлтэй хүмүүсээс сонгон шалгаруулж, өөрсдөө бэлтгэж, сургаж байна. Харамсалтай нь, энд суурьшиж, тогтмол ажиллах эмч зэрэг зарим мэргэжлийн хүн тэр бүр байдаггүй. Бид холбогдох яам тамгын газарт энэ хүсэлтээ уламжилсаар ирсэн. Маш том эрсдэл, хариуцлагын дор цаг наргүй ажиллахаас халширдаггүй хамт олноороо үргэлж бахархдаг шүү. Хүмүүс биднийг хүүхдийн зусланд жаргалтай ажил хийдэг гэдэг. Үнэндээ бол үргэлж сэтгэл зовж, шаналдаг, эмзэглэдэг бас хааяа аав, ээж нарын алганы амт үздэг амаргүй ажил. Өмнөх үед хөлөө олж, бат зогсож, нэр хүнд нь түгсэн ийм том байгууллагыг дордуулахгүй авч явах нь асар том хариуцлага. Заримдаа халширмаар. Гэсэн ч энд хүлүүлсэн мэт тайлагддаггүй нэг холбоос байдаг юм.
-Хүүхэдтэй холбогдсон учиг тасардаггүй юм. Танай зуслан хөтөлбөрөө яаж боловсруулдаг вэ. Түрүүн дурдаад өнгөрсөн, монгол хүүхэд болгох талаар асууж байна л даа.
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед “Найрамдал”-ын багш, мэргэжилтнүүдийг улсаас хангалттай бэлтгэж, тэдний хөтөлбөр, арга зүй гэхчилэн бүгдийг дүрэм журмаар тогтоож өгдөг байсан. Одоо бол бид ажлынхаа туршлага, хүүхдүүдийнхээ сонирхолд нийцүүлэн өөрсдөө боловсруулдаг. Төр, засгийн бодлогыг харгалзах нь мэдээж, гэхдээ илүү бие даасан бодлоготой. Ингэхдээ зуслангуудтайгаа харилцан уялдаатай байдаг. Монголынхоо уламжлалт зан заншлыг танилцуулах тал дээр түлхүү анхаарч байна. Жишээ нь, морь унуулах, гэрт хонуулж, шагай наадгайгаар тоглуулах, ургийн бичгээ хөтлөх гэхчилэн. Хамгийн энгийнээс нь эхэлдэг. Зарим хүүхэд гэрт хэд хоноод л татгалздаг бол тэр орчин нөхцөлд татагдах нь ч бий. Энэ мэтээр янз бүрээр туршиж, засаж залруулж, нэмж боловсруулсаар явна. Энэ бүхний явцад бид өөрсдөө суралцсаар байдаг. Манай үе үеийн багш, удирдлагын арга туршлага, хүсэл тэмүүллээр “Найрамдал”-ын хөтөлбөр тодорхойлогддог гэж болно.
-“Найрамдал”-ын дэд захирал, УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн багш гэсэн гурван хөтөлгөө морьтой Та энэ олон ажлыг яаж амжуулдаг юм бэ. Таны ажлын нэг өдрийн ачааллыг ганцхан жишээгээр ойлгуулж, мэдрүүлэх боломжтой юу?
-Өдөр бүр шахуу театр, СУИС, “Найрамдал” зуслангийн хооронд гүйсээр бараг жим гарсан даа. Заримдаа хүнтэй утсаар ярих, бүр унтах ч завгүй явах нь бий. “Чи ингэж байгаад савж унав” гэж захих хүмүүс байдаг. Заримдаа яг галзуу юм шиг харагддаг байх л даа. Нэг өдрийн жишээ гэвэл, өнгөрсөн даваа гаригт “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн утасны дуудлагыг бараг 10 удаа тасалсан. Жаахан амьсгаа аваад, завтай болмогцоо мессеж бичиж, илгээгээд, цаг хартал шөнө болчихжээ. Тэр өдөр ер бусын ачаалалтай байлаа. Өглөө зургаан цаг өнгөрөөгөөд театрт очоод, Наранбаатар найруулагчтай уулзаж, наадмын зохион байгуулалтын талаар хуралдаж, гараад СУИС руу гүйсэн. Тэнд олон улсын наадмын талаар хуралдсан юм.
Б.ОТГОНБАТ: Хүний итгэл даахгүй “Би чадахгүй” гэж хэлэхээс би ичдэг
Үргэлжлүүлээд тэндээ оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах “Мөнгөн мод”-ны хуралд оролцож байтал наадмын төсөв мөнгөний тухай яаманд танилцуулах бичиг баримтыг дахин цэгцлэх шаардлага гарсан тухай найруулагчийнхаа мессежийг аваад, гараад чавхадлаа. Тэгж байтал “Найрамдал” төвийн удирдагч нарын хурал зарласан учраас такси бариад гараад шидлээ. Арай дөт, бас түгжрэл багатай болохоор нь Далан давхарын оршуулгын урд замаар сүнгэнүүлж байгаа юм. Тэгээд тэндхийн ажлаа цэгцлээд, цемент, будаг олж ирэх даалгавар аваад эргээд хот руу явсан. “Наран туул”-д очиж хүмүүсээс хандив, тусламж гуйгаад явж байтал Сонинтогос захирал маань нэг ажил даалгалаа. За, энэ мэтээр гүйсээр яваад, гэртээ ороход үүрийн дөрвөн цаг өнгөрч байсан даа. Нэг иймэрхүү маягтай ажиллах үе цөөнгүй.
-“Найрамдал” төвийн багшаас эхлээд бүлгийн удирдагч, ахлах удирдагч гэхчилэн шат дараалж явсаар 25 жилийг үджээ. Театртаа ч олон жил болсон. Сүүлийн гурван жил СУИС-ийн Театрын урлагийн сургуульд жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байна. Өчигдөр эцэг, эхийн хурлаа хийгээд, албан ёсоор зуны амралт эхэллээ. “Танайх их сургууль байж эцэг эхийн хурал хийдэг юм уу” гэж хүмүүс гайхдаг юм.
-Хүний амьдралын идэвхтэй үе 30-40 жил л байдаг юм биш үү. 20 нас хүртлээ мөрөөдөлдөө хөтлөгдөн сурч боловсроод, 50, 60-аас хойш дурсамжаараа хөглөгдөн амьдардаг. Энэ хооронд хийж бүтээх идэвхтэй үе гэхээр миний хувьд ахар мэт.
Би багаасаа л жүжигчин байхыг мөрөөдсөн. Хүүхдийн ордны Даваахүү багшийн удирдлага дор зургаан жил жүжгийн дугуйланд сурсан. Ангидаа “Уран дүр” хамтлаг байгуулчихсан, С.Маршакийн “Муурын байшин”-гаар жүжиг найруулаад, баян муурт тоглох хүн олдохгүй болохоор өөрөө гараад л, тэгснээ цаашаа орж хувцсаа солиод гахай ч болж байх шиг. Маш их идэвхтэй хүүхэд байлаа. Ээжийнхээ олон триког урсан даа.
1986 онд “Найрамдал”-д амраад “Эндхийн багш нар шиг болох сон” гэж хүссэн. Дараа нь Болдбаатар багшаа хараад “Ингээд цуваа удирддаг ахлах удирдагч болох юм сан” гэж бодсон. Түвшин захирлаа харж, түүн шиг эрхэм удирдагч байхыг бас хүсэж, мөрөөдсөн. Хожим СУИС-т сурч байхдаа Сугар багшаараа их бахархаж, түүн шиг болохыг бас хүссэн. Энэ бүх мөрөөдөл минь биелсэн. Ингэж хүсэж мөрөөдөж ирсэн ажил мэргэжил минь учраас “Энэ нь илүү чухал. Би ядарч байна. Амжихгүй нь” гэж нөгөөг нь орхихыг хүсдэггүй. Би театртаа бас Үйлдвэрчний хороон даргын сонгуультай гэж байгаа. Заримдаа олон ажил давхцаад, хүмүүст амласандаа хүрэхгүй үе гардаг. Тэр бүрт санаа зовж, хүний ажилд саад хийсэндээ шаналдаг. Гэсэн ч хүн зөв зохион байгуулалттай, цагийг үр дүнтэй ашиглаж чадвал болохгүй зүйлгүй. Жишээ нь, УДЭТ-ын маань 85 жилийн ой энэ онд тохиож буй. Би зохион байгуулах комиссын дарга нь. СУИС маань өнгөрсөн долоо хоногт Азийн театрын сургуулиудын (АТЕК) наадам зохион байгуулахад би хөрөнгө босгох багийн ахлагчаар томилогдсон. Энэ мэтээр хүн надад найдаж, даатгасан ажлаас аль болох татгалзахгүйг хичээдэг. Итгэл даахгүй “Би чадахгүй” гэх нь надад их ичмээр санагддаг юм. Ядарсан ч гэсэн эцэст нь бүх ажлынхаа ард гарах үнэхээр сайхан.
Өөр нэг зүйл гэвэл, би залуу хүн байна даа, хааяа найз нөхөдтэйгөө баар цэнгээний газарт суугаад, амралт зугаалгаар явах цаг зав гаргадаг. Ингээд бодохоор хүнд том боломж, нөөц бий. Тэрийг л өөрөө зохицуулж, биеэ дайчлан ашиглаж чадах, үгүйд л асуудал байгаа. Үүн дээр хамт олон их чухал. Ажилладаг газар бүрт хамт олон маань намайг дэмжиж, ойлгож, хамтарч чаддаг учраас би олон зүйлийг амжуулдаг юм болов уу.
-Залуу насанд ер нь ядардаггүй шиг байгаа юм. Хүүхэдтэй ажиллахад ядрахыг бүр ч мэдэхгүй. Тэдний сайхан инээмсэглэл, цовоо цолгиун байдлыг хараад л сэргэчихдэг юм. Та ч гэсэн хүүхдийн эрч хүчтэй, сайхан энергитэй орчинд ажилладаг болохоор бүхнийг амжуулдаг байх. Та үүнээс гадна бас Улсын баяр наадмын ажилтай байгаа гэж сонссон.
-УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар Үндэсний их баяр наадам зохион байгуулах тендерт оролцож, шалгарсан. Тэгээд гүйцэтгэх продюссерээр намайг томилчихлоо. Продюссер гэдэг үгийн утгыг ч бараг бүрэн ойлгож амжаагүй байтал ийм айхтар ажилд дайчилчихлаа. Хөрөнгө мөнгөө ч босгодог, зараал ч болдог, гэрээгээ хийж, хүнээ ч олдог гээд тун амаргүй ажил юм байна шүү. Төрийн наадмын ажилд анх удаа оролцож байгаа учраас сүрдэж, сэтгэлд айдас байна. Гэхдээ ерөнхий болон зөвлөх продюсерээр БСШУЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Гантөмөр, манай театрын дарга Цэрэнсамбуу гэсэн түшиг тулгууртай хүмүүс ажиллах тул сайхан болно гэж найдаж байна.
-Үнэхээр нүсэр ажил шүү. Тэр хэрээр хариуцлага өндөр. Би 1971 онд Монгол, Зөвлөлтийн их наадмын нээлтийг найруулж, зохион байгуулж явлаа. 1.5 цагийн тоглолтод оролцсон хүмүүсийг удирдаж, ажиллуулах гэж үйлээ үзсэн дээ. Халуураад байдаг. Гэтэл Зөвлөлтөөс уригдсан найруулагч М.Цейтин гуай “Чи өвдөж, халуурч болохгүй. Хамаг ажил нурна” гэнэ. Тэгж байтал хоёр улсын сүлдийг Цэнгэлдэх хүрээлэнгийн дээр тавих боллоо. Фононд зогсож байсан 1500 цэргийн нэг хэсгийг дайчиллаа. Нүсэр эд л дээ. Тэгтэл нэг золиг хуруугаа тасалчихсан. Энэ тухай БХЯ-нд дороо дуулдаж, Б.Цог генерал давхиад ирлээ. “Яав, юу болов” гэхээр манай хэд сүрдээд намайг заагаад өгчихөж. Генерал буугаа сугалах гээд намайг хөөгөөд, би зугтаж, ёстой хөгийн юм болсон. Тэр үед Дарханд гарсан цэргийн бослогын үеэр нэг хүнийг шууд буудчихсан гэж сонссон болохоор би үнэхээр айсан. Гэхдээ тэгж баахан дөвчигнөж байгаад тэр хүн гайгүй болсон. Бас үлээвэр найрал хөгжмийн удирдаач Батмөнх нэг удаа архи уугаад алга болчихлоо. Сургуулилалт зогсоно биз дээ. Тэгж байгаад нэг хартал би удирдчихсан зогсож байсан гэж байгаа. Хүмүүс надаас “Та удирдаачийн мэргэжилтэй юм уу” гэж асуусан. Юу байх вэ дээ, зөнгөөрөө л гараа хөдөлгөхөөр хөгжимчид өөрсдөө сайхан дуугаргаад байхгүй юу.
-Сайхан дурсамж байна. Та тэгвэл том наадам зохион байгуулах туршлагатай, зовлонг нь сайн мэдэх юм байна. Таныг Монголын хүүхэд багачуудын төлөө гандан буурахгүй зүтгэлтэн гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Ялангуяа хүүхдийг номтой нөхөрлүүлэхэд хамгийн их идэвх, санаачилгатай хүн бол Та. Сүүлийн үед ямар уран бүтээл гаргав. Ер нь таны дуунуудын агуулга аль ч нийгмийн үед үнэ цэнэтэй сайхан шүү. “Найрамдлын сүлд дуу”, “Газар газрын найзууд аа, сайн байна уу”, “Тавтай нойрсоорой”, “Шинэ өглөө” одоо ч манай зуслангийн өдөр тутмын сүлд дуу хэвээр.
-Өнөө өглөө “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номынхоо нээлтийг хийлээ. Дуунуудын талаар гэвэл дандаа энэ зуслангаас төрсөн түүхтэй. Чимэддорж гуай нэг өдөр намайг “Найрамдал” зуслан руу хүрээд ир гэж дуудлаа. “Пионерийн үнэн” сонины эрхлэгч байсан би жаахан томорч “Сонины их ажлын хажуугаар очих завгүй” гэтэл “Хожим наад сонин чинь үлдэхгүй. Харин ганц сайхан дуу бол үлдэнэ шүү, харж л байгаарай” гэхээр нь чавхдаад хүрлээ. Тэгтэл “Энэ зусланд танилцаж, уулзаж, нөхөрлөж байгаа утгатай дуу байх ёстой” гэж байна. Би бас л томорч “Би жалгын дуу хийдэг хүн биш, жарны дуу хийдэг хүн. Зуурдын дуу хийдэг хүн биш, зууны дуу хийдэг хүн” гэчихлээ. Чимэддорж “За, тэгвэл тэр зууныхаа дууг хий дээ” гэж билээ.
“Цэлмэг тэнгэр шувуунд хэрэгтэй
Цэнгэг ус загасанд хэрэгтэй
Нарны туяа цэцгэнд хэрэгтэй
Найз нөхөд надад хэрэгтэй” гээд л тэр дор нь бичээд үзүүлтэл “Ямар гоё үгтэй юм бэ” гээд авсан. Маргааш өглөө бостол чихэнд нэг л танил үгтэй дуу сонсогдох шиг. Юу билээ гэтэл Чимэддорж гуай өнөөх шүлгэнд минь ая хийчихсэн, хэдэн хүүхэдтэй хамт дуулж байна аа. Ямар сайхан юм бэ. Энэ мэтээр би энэ зусланд ирэхээрээ их хөглөгддөг юм. Ганц би ч биш. Манай зохиолчид энд олон сайхан дуу, шүлгээ зохиосон түүхтэй. Чинзориг бид хоёр “Тэмүүжин” дууриа энд хийсэн. Би шүлгээ долоо хоногт, Чинзориг маань 12 өдрийн дотор хөгжмөө бичсэн. Ийм богино хугацаанд дуурь бүтсэн түүх байхгүй. Тэгэхээр энэ газар онгод дууддаг, их учиртай шүү.
-“Дэлхийн зөн”-гийн найрал дууны Эрдэнэчулуун багш бас “Найрамдал”-д ирэхээр нэг шөнийн дотор л дууны үг, ая өөрөө сэтгэлд урсаад ирдэг юм” гэдэг.
-Нямдаваа бид хоёр тээр жил “Модон могой” киногоо хийхээр энд ирсэн юм. Хөдөөнөөс ирсэн, сурлага сайтай, тэргүүний сурагчийн тухай л даа. Зуслангийн бүлгийн даргаар сонгогдсон тэр хүү нэг хүүхдийн мөнгийг хулгайлснаас болж бөөн асуудал үүсдэг. Үүнийг үзэл сурталгүй гээд танаж, янзалсаар байгаад юу ч биш болгочихсон түүхтэй. Юу хэлэх гээд байна гэхээр, энэ мэт гэнэн явдал зусланд тохиолддог уу?
-Би 1991 онд энд багшаар анх ирсэн. Түүнээс таван жилийн дараа 1996 онд тухайн үеийн Ерөнхий сайд Энхсайханы эхнэрийн санаачилгаар амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийг “Найрамдал” зусланд амраах болсон. “Гудамжны” гэж нэрлэдэг байсан хүүхдүүдийг ч амраадаг байлаа. Ингээд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа хүүхдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг 1997 оноос хэрэгжүүлсэн түүхтэй. Үүнд дуу хөгжмийн багш Халтар маань их үүрэг гүйцэтгэснийг дурсах нь зүйтэй. Тэр үед би ахлах удирдагчаар ажиллаж байлаа. Нийгэмдээ “гудамжны” хэмээх хаягтай болчихсон олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ тусгасан, зөв амьдралд хөтөлсөн үнэхээр сайн үйлс хийсэндээ бид бүгд өдгөө ч бахархдаг. Тэдгээр хүүхдийн зарим нь бүлэг хулгайн хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагын хараа хяналтад орчихсон, маргаашдаа итгэх итгэл, урам зориггүй болсон байсан. Нэг их гоё дуулдаг, жижигхэн бор хүү одоо ч санаанд байдаг юм. Тэрбээр өдгөө их мундаг яваа. “Нарантуул” зах дээр гутал зарж, сайхан амьдарч байгаа.
Тэр үед “Дэлхийн зөн”-гийн суурин төлөөлөгч П.Брайн “Инээмсэглэж буй хүүхэд” чуулга уулзалтад оролцоод “Бид зуу, зуун хүүхдийг сайн болгох албагүй. Зуун хүүхдээс ядаж нэгийг нь зөв замд хөтөлж чадвал чи өөрийгөө хүүхдийн байгууллагын ажилтанд тооцож болно” гэсэн. Энэ үгний учир утгыг би одоо илүү ойлгож байна. Сүүлийн зургаан жилийн турш манай сүлд модны наадамд алиалагч болсон Цэндбаяраараа би бахархдаг. Багадаа “Дэлхийн зөн” байгууллагад харьяалагддаг байсан тэрбээр “Найрамдал” зуслантай холбогдоогүй, түүнд итгэл өгч, урмыг нь бадраагаагүй бол одоо ямар байхыг нь хэлж мэдэхгүй. Тэр жил Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцох харшийн сүлд модны наадмынхаа бэлтгэлийг хийж байтал Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн ирээд “Энэ хүүхдийг бид саатуулж, шалгах учраас албадан авч явна” гэлээ. Би уйлах шахаад “Та бүхэн надад итгэж, хүүгийн сэтгэлийг бодооч. Би батлан даана” гэж байж авч үлдсэн. Одоо Цэндбаяр маань “Бадмаараг” сургуулийн урдаа барьдаг хүүхэд. Ийм жишээ олон.
-“Дэлхийн зөн”-гийн нөгөөх хүүхдүүдтэй одоо холбоотой байдаг уу?
-Заримтай нь холбоотой. 2005 онд жүжигчин Энхтуул бид хоёр Боловсролын яам руу зам нийлээд, талбайгаар явж байтал баахан хүүхэд “Багш аа” гээд гүйгээд ирсэн. Нөгөө л хараа хяналтгүй гэгддэг хүүхдүүд л дээ. Тэр хавийн траншейнд амьдардаг байсан тэд “Багш аа, манайд орооч” гэж шалаад, Энхтуул намайг нудраад “Чи чинь юу вэ” гээд байдаг. Хамгийн аймаар нь тэнд явж байсан хүмүүс намайг жигшсэн нүдээр харж байгааг анзаарсан. Хэдэн хүүхдээр хулгай хийлгэдэг, өөрөө цэвэрхэн амьтан байна гэж бодсон байх л даа. Тэгээд би Энхтуулыг явуулчихаад, траншейнд нь орсон. Ажилтай яарч явсан ч хүүхдүүдийн сэтгэлийг бөхөөхөөс болгоомжилсон хэрэг л дээ. Тэд талх, хиамаар дайлсан. Цэрвэж, маяглалгүй идсэн. Тэгээд явах болоход тэд “Багш аа, энэ удаа траншейнд орууллаа. Дараа бид өөрийн орон гэртэй болоод таныг заавал урина” гэж билээ. Энэ явдлаас олон жилийн дараа намайг “Алтан гадас” одонгоор шагнуулахад нөгөө хэдийн маань нэг нь ирж уулзаад, баяр хүргэсэн. “Та биднийг хүндэлж, ичилгүй траншейнд орсонд үнэхээр баярласан. Хэрэв тэгээгүй бол бид таныг хүндлэхгүй байсан” гэж хэлсэн. Өнгөрсөн намар “Зөнгийн одод” уралдааны 15 жилийн ойн үеэр бас нэг хүү цэцэгтэй ирээд “Би Ханын материалд гэртэй болсон. Та заавал ирээрэй” гэсэн. Хүүхэд насны сэтгэл ийм л байдаг. Өөр нэг гоё түүх байна. Би “Зөнгийн одод”-ын 10 дахь цувралыг хөтөлж байсан юм. Улаанчулуутад хог түүдэг нэг хүү тайзан дээр гараад “Зурагтын бичлэг авч байгаа юу. Намайг зурагтаар гарна гээд ээж маань айлд хүлээгээд сууж байгаа. Би ээждээ зориулж дуулж байгааг минь та дамжуулаад хэлээд өгөөч” гэсэн. Тэр хавьд нь зурагттай айл ганцхан байж л дээ. Харамсалтай нь, тэр нэвтрүүлэг шууд яваагүй. Дараа нь заавал зурагтаар цацаарай гэж Оюунчимэг багшдаа би захиасан л даа. Тэр хүү надад баярласнаа дараа нь хэлсэн. Эгзгийг нь тааруулаад хэлсэн үг хүүхдэд яаж хүрдгийг би энэ мэт олон удаа мэдэрсэн.
-“Найрамдал” зуслан байгалийн үзэсгэлэнт газар байрласнаараа онцлогтой байлаа. Ууландаа олон ан амьтан байсан шүү. Одоо ер нь амьтан харагдаж байна уу?
-Нэг хэсэг үзэгдэхээ больчихсон амьтад сүүлийн жилүүдэд мэр сэр харагдах болсон. Маш ховор л доо. Буга согоо, баавгай, чоно байна. Саяхан энд нэг үнэг зургаан гавар гаргасан. Бас дорго бий. Би доргоноос болоод онигоонд орсон. Удирдагчийн хурал тараад шөнө явж байтал урд маань өсгийтэй гуталтай хүүхдүүд л товор товор гээд алхаад байх шиг. Хүүхдүүд унтахгүй “туулайдаж” байна гэж бодоод “Зогс, та нарыг мэдэж байна шүү, аль бүлгийнх вэ” гээд л гар чийдэнгээ тусгатал өөдөөс бөөн улаан нүд. Тэгснээ дэрхийгээд тараад алга болсон. Хогийн сав ухаж байсан доргонууд юм билээ. Тэрнээс хойш нэг хэсэг “Дорго командлагч Отгоо” гэгдэх болсон.
Энэ хавиас амьтан дайжих болсон гол шалтгаан нь газар олголттой холбоотой гэж боддог. Бараг өдөр бүр шахуу нэмэгдэж байгаа байшин барилга манай хаяатай нийлчихлээ. Энэ нь зөвхөн байгальд биш, хүүхдийн аюулгүй байдлын баталгаа алдагдах нөхцөл бүрдүүлж байгаа. Ажилтнууд нь хүртэл нууц үгээр нэвтэрдэг байсан энэ бүсэд одоо хэн дуртай нь орж ирж байна.
Уншигч-сурвалжлагчийн маань ерөөж, бэлгэдсэн ирээдүйн Гавьяат багш, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал, хос морьтой Б.Отгонбат “Олон сайхан хүнээр хүрээлүүлж, тэднээс сурч, ирлэгдэж өдий хүрсэн би их азтай хүн. Байнга хэлж чаддаггүй ч та бүхэнд цаг үргэлж талархаж явдаг шүү. “Өнөөдөр” сониноор дамжуулан бүх хамт олондоо, хамтран ажилладаг хүмүүстээ, үеийн үед надад зааж сургасан багш нартаа баярын мэнд хүргэе. Зургадугаар сарын 1 бол айл бүрийн, хүүхдийн төлөө ажилладаг байгууллага болгоны баяр гэж боддог. Тиймээс “Найрамдал” төвийнхөө үе үеийн удирдлага, ажилтнууд, энд амарч, бидэнтэй холбогдож явсан хүүхдүүддээ мөн баярын мэнд дэвшүүлье. Хүүхдийн ертөнцөд мандсан нар үргэлж гэрэлтэж байгаасай гэж ерөөе” хэмээгээд ярилцлагаа өндөрлөлөө.